
Эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтыг дагуулсан цахим өртөө, веб хуудсаар дамжуулан хонгор нутаг, улс, эх орон, тив дэлхийтэй харилцах таатай агшин бүрдэж байгааг тохиолдуулан эрхэм хүндэт Танд Баянхонгор аймгийн Засаг дарга миний бие чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Баянхонгорчуудынхаа мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээнд түшиглэн аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар аймгийнхаа нийгэм, эдийн засгийг 2009-2012 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх бодлого, зорилтоо тодорхойлоод ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүйгээр вэб хуудсандаа байрлуулсан учир олныг өгүүлсэнгүй.
Хэдийгээр эдийн засаг, санхүүгийн хямралтай цаг үе давхцаж буй ч бий болсон эрчим хүч, дэд бүтэц, техник технологийн суурь боломж, буянт мал сүрэг, хөрсөн доорх эрдэс баялаг, үржил шимт хөрс шороо болон хөдөлмөрч уламжлалтай хүн ардынхаа давуу талыг илүүтэй ашиглан аймгаа бүс нутагтаа хөгжлийн хувьд “жишиг аймаг” болох зорилго эрмэлзэл дүүрэн байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлыг сааруулж, иргэдийнхээ амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн цогц бодлогоо толилуулж байгаадаа таатай байна. Өөрөөр хэлбэл хонгор нутгийн зүг, хөгжлийнх нь төлөө сэтгэл зүтгэлээ хандуулах хэн бүхэнд манай үйл ажиллагаа вэб хуудсандаа нээлттэй болж байгаа юм.
Арван долдугаар жарны “Харшлалт” хэмээх шороон үхэр жилд Баянхонгорчуудын хувьд онцгой тэмдэглэлт үйл явдал тохиож байгаа бөгөөд Монголын төр шашны гарамгай зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, их зурхайч, ууган оточ, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцангийн мэндэлсний гийсний 370 жилийн ойг 2009 оны долдугаар сард Хангайн бүсийн “Их хурд” даншиг наадамтай хамтатган зохион байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсний дагуу уг ойн бэлтгэл ажилдаа шамдан ороод байгааг дурьдахад бахархалтай байна. Баянхонгорчууд төдийгүй үндэсний хэмжээний энэхүү их ёслол хүндэтгэлд ач холбогдол өгч, түмэн олны гэгээн үйлсэд эрч хүч, эрдэм ухаан, сэтгэлийн амар амгаланг хайрлана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт таньд өөдрөг бүхнийг хүсэн ерөөе!
http://www.bayankhongor.mn/